Таваарын тойм

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан инфляцийг бууруулах зорилгоор дахин бодлогын хүүг хүчтэй нэмэгдүүлэх төлөвтэй байгаа нь ам.долларын ханш чангарч, алтны үнэ цэнэ буурах гол хүчин зүйл болж байна. 


Алтны ханш 2020 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшиндээ ирлээ. АНУ-ын алтны фьючерс 0.6 хувиар унаж 1645.8 ам.доллар боллоо. Долларын индекс дахин шинэ оройн цэгийг тогтоож 2002 оны түвшиндээ улам ойртсоор байна. 


Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-д алтны биет эрэлт сайн байсан тул дотоодын зах зээл дээр үнэ өссөн байна. Харин Энэтхэг улсын дотоодын зах зээлийн алтны ханш унасан байна. 
Эерэг талаас нь харвал алтны үнэ хямдарч байгаа буюу худалдаж авахад тохиромжтой үе улам бүр ойртож байна гэсэн үг. Инфляцыг хяналтандаа оруулахын хэрээр төв банк мөнгөний зөөлөн бодлого руу хурдан шилжих ба энэ нь алтны ханшийг маш сайн дэмжих болно. Урт хугацаандаа алтны үнэ цэнээ хадгалж чадах хамгийн сайн хөрөнгө оруулалт хэвээр байх болно. Хамгийн ойр байрлах хүчтэй дэмжлэгийн бүс $1580 - $1590 хооронд байрлаж байна. 

Өнгөрөгч долоо хоногийн эхээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд байлдахаар 300,000 хүнийг "хэсэгчлэн дайчлах" тушаал өгснөөр нефтийн үнэ огцом өссөн. Путин мөн Оросыг ямар ч аргаар хамаагүй хамгаалахаа сануулсан бөгөөд шинжээчид үүнийг цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэж тайлбарлав.


Гэсэн хэдий ч долоо хоногийн сүүлээр томоохон төв банкууд инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ дахин өсгөв. Ялангуяа ХНС үндсэн хүүгээ гурав дахь удаагаа дараалан, дахин 75 суурь нэгжээр нэмэгдүүллээ. Дараагийн өдөр нь Английн төв банк хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж, 2.25 хувьд хүргэсэн нь 2008 оны санхүүгийн хямрал эхэлснээс хойшхи хамгийн өндөр түвшин юм.


Мөн ХНС-гийн тэргүүн Пауэл эдийн засгийн удаашрал ойртож байна хэмээн мэдэгдсэний дараа газрын тосны ханш унаж 80 ам.доллароос доош орсон байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах нь улс орнуудын үйлвэрлэл буурах ба энэ нь газрын тосны эрэлтэд сөргөөр нөлөөлөх хүлээлттэй байгаа тул ханш огцом уналаа. 81 ам.доллар дээр байрлаж байсан дэмжлэгийн бүс сэтэрсэн тул уналт 73 ам.доллар руу үргэлжлэх магадлал өндөр боллоо.